Шилжилтийн нас буюу хүмүүжлийн төлөвшил
Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эх, гэр бүлийн хүмүүжлээс гадна айлын хэд дэх хүүхэд болон хүүхдийн өөрийнх нь хувийн онцлог зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Ганц хүүхэд буюу айлын бага хүүхдүүдийн хувьд гэрт нь өөртэй нь чацуутан байхгүй учраас хэн нэгнээс үл хамаарсан байх нь олонтаа. Олон хүүхдүүдтэй айлын томыг нь зөв төлөвшүүлж чадвал хүүхдүүд бие биенийгээ хүмүүжүүлсээр зан төлөв, дадал хэвшил нь адилхан болдог тал ч бий. Айлын ганц хүүхэд бусад хүүхдийг бодвол эцэг эхийн хараанд илүү мэдрэмтгий байдаг. Мөн өөрсдийгөө насанд хүрэгсдийн шалгуураар бусад хүүхдүүдтэй харьцуулах чадвартай. Хөндлөнгөөс харахад айлын ганц хүүхэд эрх дураараа, хангалуун мэт байдаг боловч яваандаа бие даасан шинжтэй болдог. Айлын ганц хүүхэд: - Ганцаардах мэдрэмж ихтэй - Хувиа хичээсэн үзэл төлөвших магадлалтай - Хүүхэд эцэг эхийнхээ давуу хайрыг мэдрэх ба өөрийн эрх ашиг, сонирхлын төлөө хэн нэгнийг нөгөөгийнх нь эсрэг “ашиглах” тохиолдол их гардаг - Эцэг эхийнхээ маргааныг илүү эмзэг хүлээн авч, үүнд өөрийгөө буруутгадаг - Эцэг эхэд нь ямар нэг юм тохиолдвол цор ганцаараа үлдэх буюу ганцаардлаас их айдаг - Бүх шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө үүрэх учир шийдвэр гаргах чадвар муутай болж өсдөг - Харилцааны туршлага бага байдгаас үеийнхэнтэйгээ холбоо тогтоох чадвар муу Айлын ганц хүүхэд нэг бол дуулгавартай нэг бол зөрүүд байх нь их бөгөөд амьдралд алтан “дундаж”-ийг барьж явах нь ховор байдаг. Айлын ууган хүүхдэд ганц хүүхдийн шинж илрэх боловч гэр бүлд арай өөр байр суурь эзэлдэг. Гол төлөв үнэнч шударга, бүрэг ичимхий, харицлагатай, юманд их ноцтой ханддаг, мөн бухимдуу байна. Айлын ууган хүүхдийн зан төлвийг тодорхойлох нэг чухал зүйл бол айлын энхрий хүүхэд байж байгаад дүү төрснөөс эхлэн эцэг эхийн хайр, анхаарал халамж суларч эхэлдэг бөгөөд яваандаа бага дүү нараа асрах, гэртээ туслах гээд амьдралын хэв маяг илт өөрчлөгддөг явдал юм. Өөрийнх нь төлөө тавьж буй анхаарал суларсан үед хүний анхаарлыг татахын тулд сахилгагүйтэх, үймүүлэх, уйлах зэрэг бүхий л аргаа хэрэглэнэ. “Сайн” хүүхэд байхыг хичээх бөгөөд магтаал, урамшуулал их шаардлагатай байдаг тул эцэг эхчүүд анхаарах хэрэгтэй. Сэтгэлзүйч эмч А. Адлерын тодорхойлсноор айлын том хүүхэд мэдрэлийн ядаргаанд орох магадлал илүү өндөр байдаг байна. Айлын дунд хүүхэд өөрийгөө байнга ах эгчтэйгээ харьцуулах бөгөөд өөрөө өөрийгөө үнэлэх нь их доогуур байдаг. Гол төлөв сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, атаархуу зантай байх бөгөөд ах, эгчийгээ дийлэх гэж байнга оролддог. Мөн ах эгчээсээ тэс өөр зантай байх нь элбэг. Ах нь дуулгавартай, томоотой бол дүү нь хөдөлгөөнтэй, ах нь зожиг зантай бол нийтэч гэх мэт. Түүнчлэн их бие даасан, хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулах чадвартай, арай илүү хөдөлгөөнтэй, шүүмжлэлд их эмзэг ханддаг. Айлын дунд хүүхэд дураараа байх нь тун ховор. Учир нь түүнд энэ боломж тэр бүр олдоод байддаггүй. Айлын бага хүүхэд бүхий л хүмүүсийн халамжинд байдаг учраас өөртөө итгэлтэй, өөрийн дураар, омголон зантай болох нь их. Ямар нэгэн зүйлд айдас болгоомж багатай байх бөгөөд энэ чанараараа эрсдэлтэй алхам хийн, өндөр амжилтанд хүрэх магадлал их байдаг ч зарим зүйл дээр бусдын үгийг авах дургүй зангаасаа болж алива асуудалд өртөх нь элбэг. Айлын бага хүүхэд гэртээ илүү давуу эрхтэй байх ба энэ чанараараа том болсон хойноо хэнд юу хийхийг зааварлагч болдог. Өөрсдөө ч хүссэн зүйлээ авах сонирхолтой. Хүмүүстэй их дотно нийтэч, тусархаг зантай байна. Ер нь хүүхдийг 12 наснаас эхлэн өөрийгөө илэрхийлэх, бусадтай харилцах, мэргэжлээ зөв сонгох, гадны муу нөлөөнд авталгүй бие даан шийдвэр гаргах, хийх ажлаа төлөвлөж сургахад хамгийн тохиромжтой нас юм. Энэ нь шилжилтийн нас буюу биемахбодийн өсөлттэй шууд холбоотой. Шилжилтийн насанд хүүхэд өөрийгөө таньж мэдэх, бие хүн болон төлөвшиж байгаагаа ухаардаг бөгөөд үүнийг ухаарлын нас ч гэж хэлдэг. Ялангуяа хөвгүүдийн хувьд эр хүн болж байгаагаа мэдрэх эхний шинж тэмдэгүүд илэрдэг учраас эцэг эхийн хайр халамж юу юунаас чухал гэдгийг анхаарах хэрэгтэй. Энэ үед хүүхдийнхээ санаа бодлыг сонсох, тэдэнтэй илэн далангуй харилцан ярилцахаас гадна, өөрт нь шийдвэр гаргах хэмжээний эрх мэдлийг шилжүүлж ч болно. Шилжилтийн насанд хүүхдийн зан байдал төлөвшин тогтож, бие даах чадвартай болох суурь нь тавигддаг учраас тухайн хүүхэдтэй харьцах, түүнийг аливаа үйл ажиллагаанд татан оролцуулахдаа сайн талыг нь олж илрүүлснээр зөв хүмүүжилтэй, сахилга батыг эрхэмлэгч иргэн болно.
бичлэг
